Т.БАТ-АМГАЛАН: “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛД 7000 ОРЧИМ ХҮН АЖИЛЛАСАН
-“Тавантолгой төмөр зам” компани гэхээр хүмүүс зөвхөн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг хариуцдаг компани гэж ойлгож магадгүй. Гэтэл танай компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд ч оролцоотой юм байна. Энэ замд ямар оролцоотой ажилладаг вэ?
-2019 онд ажлын хэсэг болон салбарын сайдын зөвлөмжийн дагуу “Тавантолгой төмөр зам” компаниар ТавантолгойЗүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд захиалагчийн хяналт тавиулах шийдвэр гарсан. Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж байгаа боловч төслийн менежмент манайхаар дамжиж явдаг. Өнгөрсөн жил манай компани гурван хэсэг гаргаж ажилласан. Харин энэ жил найман хэсэг гарган ажиллаж байна. 50 км тутамд нэг хэсэг ажиллаж байгаа гэсэн үг. Дээрээс өгсөн үүрэг чиглэл манай бүх хэсгээр дамжиж цааш мэдээлэгддэг. Мөн буцаагаад хэсгүүдээрээ дамжуулан мэдээллээ авч тайлангаа гаргадаг.
-Энэ төсөлд нийтдээ хэдэн хүн ажиллаж байна вэ?
-Манай компаниас 250 орчим хүн ажиллаж байгаа. Харин төслийн хэмжээнд нийт 7000 орчим хүн, 4000 орчим техник ажиллаж байна.
-Орон нутгаас ажиллах хүч авдаг уу?
-Манай компани тодорхой тооны инженерүүдийг орон нутгаас авч ажиллуулж байгаа. Нийт төслийн хэмжээнд шаардлагатай ажлын байраа нээлттэй ил тод зарлаж орон нутгаас ажилчид авдаг. Ялангуяа туслах ажилтан, тогооч гэх мэт нарийн мэргэжил шаардахгүй ажлын байруудад орон нутгаас ажилтан авдаг.
-Зүүнбаян-Тавантолгойн төмөр зам төслийн хүрээнд тухайн орон нутагт ажлын байр нэмэгдэж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Энэ зам ашиглалтад орсноор орон нутагт бүр илүү үр өгөөжөө өгнө. Орон нутгийн иргэд маань төмөр замын нарийн мэргэжлийг эзэмшиж ажиллах боломжтой. Түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр орон нутгийн төсөвт ордог. Төмөр зам ашиглалтад орсноор орон нутгийн төсөвт орох орлогын хэмжээ нэмэгдэнэ. Орон нутгаас худалдан авалт хийгдэх бараа бүтээгдэхүүний хэмжээ өснө. Төсвийн хэмжээнд 30 гаруй худаг гаргаж ашиглалтад оруулсан. Төслийн ажил дууссаны дараа эдгээр худгийг дагаад суурьшлын бүс үүсэхээс гадна, усаа дагаад малчид малаа бэлчээрлүүлэх талбай нэмэгдэнэ. Бүр томоор харвал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 400 гаруй км замын дагуу 30 орчим томоохон орд газар бий. Төмөр зам ашиглалтад орсноор эдгээр орд эдийн засгийн эргэлтэд орж улсын төсвийн орлого нэмэгдэнэ. Энэ мэтээр ЗүүнбаянТавантолгойн төмөр зам нь орон нутгийн болон улсын хэмжээнд маш том эерэг үр нөлөө үзүүлнэ. Мөн энэ төсөл монголчууд өөрсдөө төмөр замаа барьж чадна гэдгийг харуулж байгаагаараа онцлогтой.
-Захиалагчийн хяналт гэдэг нь яг ямар чиг үүрэгт ажлыг тодорхойлж хэлээд байна вэ?
-Хяналтын ажил гэдэг нь батлагдсан зураг төсөл техникийн шаардлагын дагуу ажил хянаж баталгаажуулан дараагийн ажилбар олгох зөвшөөрөл өгөхийг хэлж байгаа юм. Мөн зураг төсөл техникийн шаардлагад тусгагдаагүй асуудлыг газар дээр нь инженерийн шийдэл гаргаж тухайн ажлыг хэрхэн хийхийг зөвлөхийг хэлнэ.
-Энэ бүтээн байгуулалтын төсөлд оролцож байгаагийн хувьд сэтгэгдлээ хуваалцаач.
-Дэлхий дээр яг одоо хэрэгжиж байгаа хамгийн том төмөр замын төсөлд өөрийн мэргэжлээрээ ажиллах болсон нь миний амьдрал тохиосон маш том аз завшаан гэж боддог. Өөрийгөө нээх улам их хөгжүүлэх боломж олгосон “Тавантолгой Төмөр зам” ХХК-даа болон Монгол улсад төмөр замын сүлжээ буй болгохоор мөр зэрэгцэн зүтгэж буй хамт олондоо, төр засагтаа баярлалаа.
-Төмөр замаа хэзээ бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа вэ?
-2020 онд багтааж ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Эхний 50 км замаа барьж дуусгаад хүлээлгээд өгчихсөн. УБТЗ компани дээд бүтцийн ажлыг хийж байгаа. Тус компани 200 км зам тавина. Үлдсэн замыг нь зэвсэгт хүчний ангиуд хувааж аваад гар аргаар тавих юм. Ийм төлөвлөгөөтэйгөөр бид ажиллаж 2020 онд багтаан галт тэрэгнийхээ дугуйг хөдөлгөх зорилготой байгаа.
Эх сурвалж: "Үндэстний тойм" сэтгүүл
Сэтгэгдэлүүд