ӨМНИЙН ЦЭНХЭР ХЯЗГААРТ ӨНДИЙХ ЗАВГҮЙ АЖИЛЛАГСАД...
Аливаа улс орны хөгжил эдийн засгийн чадавхиасаа, эдийн засгийн хөгжлийн гол зангилаа нь тухайн эдийн засгийн багтаамжид нийцсэн, бараа эргэлтийн ачааллыг даахуйц зам, тээвэр, ложистик, дэд бүтцийн асуудлаас шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл экспорт, импортын бараа эргэлт товолсон хугацаандаа, түргэн шуурхай, найдвартай, тасралтгүй хийгдэж байж эдийн засаг тогтовортой өсөх, тэлэх таатай нөхцөл бүрддэг аж. Мэдээлэл, техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин зуунд шороон замаар, дугуйт техник ашиглаж уул уурхайн эрдэс баялагийг тээвэрлэж эдийн засгийн эргэлтэд оруулах, ашиг шимийг нь хүртэнэ гэдэг авто тээвэр цэцэглэн хөгжсөн цаг үед ердийн хөсгөөр тээвэр хийхтэй ижил зүйл.
“Хүн болсных ижий аавдаа ачлалтай, эх орондоо хэрэгтэй хүн болно шүү” гэж өвөө аав, өндөр настан ахмадуудаас хүүхэд байхдаа олон ч удаа сонсож байлаа. Энэ нь ч утга учиртай, ерөөлтэй юм. Хувь төөргөөр ч юм уу, тохиолдлоор ч юм уу нэг л өдөр үндэсний бүтээн байгуулалтад өчүүхэн ч атугай гар биеээрээ оролцох боломж олдов. “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажил нэг л өдөр хаалга тогших нь тэр.
Ажилтайгаа дөнгөж танилцаад удаа ч үгүй байтал төд удалгүй, төслийн талбай дээр очиж ажиллах анхны томилолт авах нь тэр. “Төмөр замын суурь бүтэц газар шорооны ажил 03-р сарын 01-ээс эхэлсэн” гэдгээс өөр мэдээлэлгүй 03-р сарын 19-ний өдөр ганзага хоосон их үдийн алдад нар шингэхтэй зэрэгцээд Улаанбаатар хотоос хөдөллөө. Өмнийн их өргөн уудам, тал хөндий дундуур туучиж тасралтгүй 10 гаруй цаг явсаар шөнө дунд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах төслийн талбайд ирэв. Гүн огторгуй тэнгэрт нь үй түмэн одод амаржсан нам гүм, тал хөндий.
Төслийн талбайд “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн Ерөнхий инженерээр ахлуулсан инженер, техникийн ажилчид ажиллаж байна. Тэд өөр өөрийн үүрэг чиглэл, ажлын онцлогтой. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай боловсон хүчнүүд. Мэргэжил чиг тус бүрээр бүтээн байгуулалтын үйл явцыг хянаж зөвлөмж чиглэл өгөх үүрэгтэй” талаар тосч авсан холбогдох мэргэжилтэн өгүүлсэн юм. Үндэсний энэ бүтээн байгуулалтыг зөвхөн Монголчуудаар ахлуулан бид өөрсдөө хийж байгааг харахад цаанаасаа л бахархал төрмөөр, бас омогшмоор... Тэдний хийж бүтээсэн зүйл нь үеийн үед түүхийн буурал хуудаснаа тодоор бичигдэж үлдэх нь дамжиггүй биз.
Маргааш өглөө нь ургах нартай уралдан урд шөнийн нам гүмхэн байдал тэс ондоо болж хувирав. Инженер албан хаагчид 06 цагт босох цагийн хуваарьтай аж. Хагас цэрэгжилтийн дэг журамтай. Өглөөн нартай уралдан босцгоож ажил бужигнаж эхлэх нь тэр. Харин тэдний оройн амрах цаг тодорхойгүй. Учир юу гэвэл тэнд хүн бүхэн ажиллах гэж л ирсэн сэтгэхүйтэй аж. Юутай ч эхний ээлжид төслийн талбайд хийгдэж байгаа ажлын талаар ерөнхий ойлголт, мэдээлэл авах нь зүй ёсны хэрэг болсон юм. Төслийн талбай дээр ажиллаж байгаа инженер Ц.Түвшибаярын хувьд төмөр замын инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаад байгаа бөгөөд өмнө нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-д ажиллаж байсан туршлагатай нэгэн. Үг дуу цөөнтэй юм шиг мөртлөө эзэмшсэн мэргэжилдээ мэргэшсэн нэгэн гэдэг нь үйл хөдлөл бүхнээрээ илтгэнэ. Одоогоор төслийн талбай дээр ажиллаж байгаа инженерүүдээ ахалж “Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн Суурь бүтцийн хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэж байна. Тэрээр “03, 04 дүгээр сард эвдрэл гэмтлээ засах, далангийн гүйцэтгэлийн ажил, газар шороон ажил, гүүр хоолойны ажил гэсэн үндсэн дөрвөн том ажил хийгдэнэ. Төслийн талбай дээр ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. “Та бүхэн төслийн талбай дээр биеэр очиж танилцсан нь дээр байх” хэмээн онцоллоо. “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 240 орчим км үргэлжлэх төмөр замын дагуу туслан гүйцэтгэгч 6 компани өөр өөрийн хуваарьт хэсэгт ажлаа эхлүүлжээ. Ёстой л нэг зэрэглээтсэн тал нутагт хязгаар нь үл үзэгдэх уртын урт зурайсан зам дагуу хэдэн тонн шороо, материал ачсан том, том тэрэгний цуваа тасралтгүй хөвөрсөөр. Бүтээн байгуулалтын эхлэл цэг болох “ID-8” хэмээх нэршилтэй газар гүүр хоолойн хамгийн анхны цутгалтын ажил явагдаж байв. Хаврын тэнгэр, хүүхэд хоёрын ааш нь олдохгүй гэдэг шиг өдөртөө хэдэн янз хувирч үдийн өмнө гэнэт говийн түйрэн босох нь тэр. Зэргэлдээх ойрхон гэр байтугай зэрэгцэж зогссон хүмүүс биенээ харахад бэрх. Гэсэн хэдий ч бүтээн байгуулалтын төлөвлөгөөт хугацааг хоцрогдолгүй гүйцэтгэхийн тулд цаг уурын нөхцөл байдлыг умартан том том бетон зуурмагны машины цуваа тасарсангүй. Тэд 50 гаруй километрээс бетон зуурмагаа зөөвөрлөдөг. Үүнээс гадна бусад чиглэлд гүүр хоолойн гүйцэтгэлийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд төслийн хэмжээнд нийтдээ 134 ус зайлуулах байгууламж, 15 цэг дээр төмөр бетонон хоолой баригдах талаар холбогдох мэргэжилтэн танилцуулсан. Харин төд удалгүй өнөөх хаврын тэнгэр тэнэгэр аашаа дэлгэж хаврын анхны бороо дусаллаа. Говь нутагт 3 сарын сүүлээр анхны бороо дусална гэдэг хэтийн ховор үзэгдэл. Үүнийг ч тэнд байсан байсан хүмүүс ихэд билэгшээж байсан юм.
Тус газар ажиллаж байгаа үг дуу цөөнтэй мөртлөө, үлгэр жишээч чамбай инженер бол Г.Золжаргал. Гүүр хоолойн хийцлэлийн инженер үндсэн мэргэжлээрээ энэ төсөл дээр ажиллаж байгаа нэгэн. Мэргэжлээрээ мөн л 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хяналт тавьж, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замд гүүр хоолойн инженерээр ажилладаг. Тэрээр “ Энэ цэг дээр гүүр хоолойн хамгийн анхны цутгалт хийгдэж байна. Зуурмагны үйлдвэрээс ирж байгаа зуурмагийн чанарт хяналт тавин ажиллаж байна. Үргэлжлүүлэн бусад цэгүүд дээрх ажлууд төлөвлөгөөт хугацааны дагуу хийгдэнэ. Ямар ч үед цаг агаарын нөхцөл байдалтай дасан зохицож ажиллах чухал байдаг. Ажлын явц дөнгөж эхэлж байгаа болохоор гүйцэтгэлийн талаар нарийвчилж хэлэх боломжгүй. Харин төлөвлөгөөт хугацаандаа хийгдэх ажлууд ямар ч хоцрогдолгүй явж байгаа...” хэмээн ажлаа танилцуулав.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын газар шорооны ажил хэд хэдэн цэгээс нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор удахгүй өөр хоорондоо нийлэх аж. 240 гаруй км үргэлжлэх тус замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацааны дагуу ямар ч хоцрогдолгүй явж байгаа талаар инженер, ажилтан нэг бахархалтай өгүүлж байв. Амжилттай хүн сэрүүлгээр бус зорилгоороо сэрдэг гэдэг. Өглөөний ургах нартай уралдан босч ажилдаа чин сэтгэлээ зориулан зүтгэх тэд зарим үед цаг байтугай өдөр, хоногоо эндүүрэх нь энүүхэнд хэмээн хөгжилдлөө. Инженерүүд төмөр замын трасс дагаж бүтээн байгуулуулалын гүйцэтгэлтэй цаг тутам танилцан өдөрт дунджаар 100 гаруй км төмөр замын трасс дагуу явж туслан гүйцэтгэгч компанийн ажлын явцад заавар, чиглэл өгдөг аж. Төмөр замын трасс дагаж явахад үе үе гүүр хоолой, далан, газар шорооны эвдрэл гэмтэл их тааралддаг гэнэ. Тодруулбал өмнөх жилүүдэд хийгдэж байгаад төслийн ажил нилээдгүй хугацаанд завсарлаж гүйцэтгэл дутуу хийгдсэний улмаас байгаль, цаг агаарын элэгдэлд орж эвдрэл гэмтэл ихээр гарсан байна. Эдгээр эвдрэл, гэмтлийг хэрхэн засах шийдвэрлэх талаар монгол инженерүүд тусгайлсан аргачлал боловсруулан ажиллаж байгаа аж. Эвдрэл гэмтлийн, газар шороо, гүүр хоолой, далангийн ажлыг төлөвлөгөөт хугацааны дагуу энэ 10 дугаар гэхэд бүрэн гүйцэтгэж дуусгах бөгөөд 08 дугаар сараас бэлэн болсон хэсгээс эхлэн дээд бүтцийн ажил хийгдэх талаар холбогдох албан тушаалтан уламжиллаа. Говийн үүлгүй хурц нар, талын хөх салхинд нүдүүлж заримдаа эмэгтэй хүн гэдгээ ч үл умартаж ажил мэргэжлийнхээ сайханд хөглөгдөж төслийн талбай дээр ажиллаж байгаа хоёр инженер бүсгүйн нэг бол М.Уранцэцэг. Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож яваадаа сэтгэл хангалуун яваа нэгэн гэдэг нь яриа бүхэн дээр нь илэрхий анзаарагдана. Тэрээр барилгын материалын инженер мэргэжил эзэмшээд мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж байгаа аж. Тэрээр хэлэхдээ “Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын ажил дээр анхны удаагаа ажиллаж байгаа минь энэ. Миний хувьд материалын инженер мэргэжилтэй, үндсэн мэргэжлээрээ энэ төсөл дээр ажиллаж байна. Төмөр замын доод бүтцийг барьж байгуулахад ашиглаж байгаа шороо, хөрс, материалын чанарт технологийн дагуу хяналт тавьдаг. Техникийн баримт бичиг, ажлын зураг, стандартууд барилгын норм дүрэм хангаж байна уу, нийцэж байна уу гэдгийг хянаж шалгах үүрэгтэй. Техникийн баримт бичиг нь инженерийн байгууламжийн хууль гэсэн үг юм. Замын чанар материалаас хамаардаг. Иймээс бүтээн байгуулалтын зүрх нь болж явдаг гэхэд хилсдэхгүй” хэмээн ажлаа бидэнд танилцуулав. Харин түүний хувьд гэр бүлтэй хэдий ч тэднээсээ хол ажил мэргэжлийнх нь онцлогоос шалтгаалаад хэзээ гэртээ харих нь тодорхойгүй. Энэ бүхнийг харахад сэтгэл зүйн давагдашгүй бэлтгэлтэй, ажлын ихээс шантарч няцдаггүй Монгол залуус эх орныхоо хөгжлийг урагшлуулахаар зорилго, сэтгэл шулуудан өдөр шөнийг ялгалгүй ажиллаж байгааг төслийн энэ талбай дээрээс бахархан харлаа.
"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Э.Цагаан-Уул
2020.03.30 /тэмдэглэл/
Сэтгэгдэлүүд