РАДИО ХОЛБОО ХАРИУЦСАН ИНЖЕНЕР Б.ИЧИНХОРЛОО: АЖИЛ МИНЬ ТӨЛӨВЛӨГЧ БАЙДЛЫГ ДАДАЛ, ЗУРШИЛ БОЛГОЖ ӨГСӨН

   Утасны цэнэг дуусах төдийд, утасны дуудлага хүлээн авахгүй нэг хором өнгөрөх төдийд сэтгэл зүйдээ маш их тэвдэл авч, ажлаас дуудлага ирсэн болов уу хэмээн хариуцлага дагуулсан түгшилттэй байдаг ажилчид бол төмөр замчид. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, найдвартай байдлыг мэдээлэл харилцаа холбоогоор тасралтгүй, шуурхай хангах эрхэм үүрэгтэй радио холбооны инженер, техникийн ажилтнууд бид үүрэг хариуцлагаа үргэлж нэгт тавьж, нягт нямбай ажилладаг. Утасгүй холбооны технологийг ашиглан бид дэлхий нийтийн өндөр технологийн хөгжлийн дагуу радио холбоогоор тасалдалгүй яриа, дуудлага, өгөгдөл дамжуулан, галт тэрэгний хөдөлгөөний нэгж бүрд хүрч ажиллаж байна.

    Ажил минь төлөвлөгч байдлыг дадал, зуршил болгож өгсөн. Алсын хараанд суурилсан ажлын байрны зорилго, төлөвлөгөө, техник ашиглалтын технологийн зурмагийг цаг тухай бүрд чанартайгаар гүйцэтгэх нь бидэнд илүүг сэтгэн, санаачлан бүтээх урам зоригийг өгөхөөс гадна дижитал шинэчлэлтэй цаг нийлүүлэн, мэдээллийн менежменттэй ажиллах боломж олгодог. Ажлын байрнаас авсан энэ дадал маань хувийн амьдралд ч төлөвлөгч байдлыг бий болгож, хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу тэмцэгч болгодог. Эмэгтэй хүний нямбай, зохион байгуулагч, олон ажлыг нэгэн зэрэг сэтгэн бодож, гүйцэтгэдэг чадвар радио холбооны инженер мэргэжилд нэн чухал гэж боддог. Нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэхийн ялдамд “Дэлхийн эмэгтэй инженерүүдийн холбоо”-нд хамтдаа нэгдэж, маш олон инноваци гаргаж, хамтдаа бүтээж, хамт хөгжицгөөе гэж уриалъя.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *