ОХУ-ААС ЗАМ ОНОШИЛГООНЫ ВАГОНУУД ХҮЛЭЭН АВЛАА
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл”-ийн хүрээнд ОХУ-ын "ТВЕМА" ХХК-д үйлдвэрлэсэн зам оношилгооны вагонуудыг 2023.04.20-ны өдөр Сүхбаатар боомтоор Монгол Улсад оруулж ирлээ. Хэт авиа соронзон зам төмрийн оношилгооны тус вагонуудыг Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэйшнл” ХХК-ийн хамтарсан комисс ажиллаж, өнөөдөр /2023.04.21/ хүлээн авав.
Тус зам хэмжигч, сэв шалгагч вагон нь төмөр замын суурь бүтцэд хэмжилт, оношилгоо, шинжилгээ хийн, хяналт тавих, үнэлгээ өгөх зориулалттай бөгөөд 80-120 км/цаг буюу галт тэрэгний тогтоосон дээд хурдаар хэмжилт, шалгалтыг тасралтгүй гүйцэтгэх боломжтой. Дүрс бичлэгийн аргаар цариг, түвшин, суулт, чиг зэрэг замын үндсэн геометр үзүүлэлтүүд болон зам төмрийн хөндлөн огтлол, толгой ба улны хэсгийн налуулаг, толгойн босоо ба хажуу элэгдэл, зам төмрийн температур зэрэг бусад хэмжээсүүдийг бүрэн гаргаж, замын дээд бүтэц, дэр, зам төмөр, бэхэлгээ, балластын байдлыг автоматаар үнэлдэг орчин үеийн дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон “ухаалаг” вагон юм.
Сэтгэгдэлүүд