ЗАМ ОНОШИЛГООНЫ “УХААЛАГ” ВАГОНУУДЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ашиглах зам хэмжигч, сэв шалгагч лаборатори вагонуудыг 2023.04.20-ны өдөр Сүхбаатар боомтоор Монгол Улсад оруулж ирэн, Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэйшнл” ХХК-ийн хамтарсан комисс хүлээн авсан билээ.
Тус вагонууд Сүхбаатар-Улаанбаатар-Сайншанд, Зүүнбаян-Тавантолгой чиглэлээр аялан өнөөдөр /2023.04.28/ Тавантолгой өртөөнд ирлээ. Энэ үеэр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-ийн удирдлагууд зам оношилгооны вагоны үйл ажиллагаа, үзүүлэлтүүдийн талаар Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмарт танилцуулав.
Тус зам хэмжигч, сэв шалгагч вагон нь төмөр замын суурь бүтцэд хэмжилт, оношилгоо, шинжилгээ хийн, хяналт тавих, үнэлгээ өгөх зориулалттай бөгөөд 80-120 км/цаг буюу галт тэрэгний тогтоосон дээд хурдаар хэмжилт, шалгалтыг тасралтгүй гүйцэтгэх боломжтой. Дүрс бичлэгийн аргаар цариг, түвшин, суулт, чиг зэрэг замын үндсэн геометр үзүүлэлтүүд болон зам төмрийн хөндлөн огтлол, толгой ба улны хэсгийн налуулаг, толгойн босоо ба хажуу элэгдэл, зам төмрийн температур зэрэг бусад хэмжээсүүдийг бүрэн гаргаж, замын дээд бүтэц, дэр, зам төмөр, бэхэлгээ, балластын байдлыг автоматаар үнэлдэг орчин үеийн дэвшилтэт технологиор бүрэн тоноглогдсон “ухаалаг” вагон юм.
Сэтгэгдэлүүд