ТАВАНТОЛГОЙН НҮҮРС АЧИХ ЛОГИСТИКИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРСНООР ТЭЭВРИЙН ЗАРДЛЫГ ЭРС БУУРУУЛНА
Тавантолгой нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ) нь Монголд анх удаа баригдаж буй Тавантолгойн бүлэг ордоос БНХАУ-ын Ганцмод боомт хүртэл экспортын нүүрс тээврийг гүйцэтгэх зорилготой томоохон байгууламж юм. Уг байгууламж ашиглалтад орсноор нүүрс тээврийн зардлыг бууруулах, олборлолтын хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаатай байх өндөр ач холбогдолтой.
Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар албан томилолтын хүрээнд Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн бүтээн байгуулалтад ажиллалаа. Тэрбээр тус төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа эсэхийг шалгаад эдийн засгийн үр өгөөж, ач холбогдол өндөр болохыг онцлов.
ТНАЛТ нь нэгдсэн удирдлагын байр, засварын төв, агуулах, уурын зуух зэрэг үндсэн барилгаас гадна бутлуур, туузан дамжуурга, овоологч тэжээгч, вагонд ачигч тоног төхөөрөмж бүхий дагалдах байгууламжаас бүрдэнэ. Жилд 20 сая тонн, цагт 3500 тонн нүүрсийг бутлах, ангилах, холих, дамжуулан ачих хүчин чадалтай бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд