БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭНД МАНАЙ КОМПАНИ ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын санаачилгаар “SCHOLARSHIP ROAD-2023” боловсролын үзэсгэлэн зохион байгуулагдаж, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа 11 байгууллага, зам, тээврийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг гадаад, дотоодын 8 их, дээд сургууль, коллежийн төлөөлөл оролцлоо. Уг үзэсгэлэнд зам, тээврийн салбарт хамгийн их эрэлттэй мэргэжлээр гадаад, дотоодын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломж, тэтгэлэгт хамрагдах журам, эсээ бичих арга зүйн талаар мэргэжлийн хүмүүс зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна байгууллагууд нээлттэй ажлын байрны мэдээллээ хүргэв. Тухайлбал “Тавантолгой төмөр зам” ХХК зарласан нээлттэй ажлын байруудаа танилцуулахаас гадна төмөр замын салбарын эрэлттэй мэргэжлүүдийн талаар нарийн мэдээллийг өгч ажиллалаа. Одоогоор манай компани эрчим хүч, дохиолол холбоо, ХАБЭА-н чиглэлээр ажлын байрууд зарласан бөгөөд анкетыг энэ сарын 26-ны өдрийг хүртэл хүлээн авна.
ҮЗЭСГЭЛЭНД 2000 ГАРУЙ ОЮУТАН, СУРАГЧ ХҮРЭЛЦЭН ИРЖ, СОНИРХЖЭЭ
Боловсролын үзэсгэлэнд 2000 гаруй оюутан, сурагч сонирхон оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үзэсгэлэнг нээж “Зам, тээврийн салбарын хүний нөөцийн бодлого, Сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр сүүлийн жилүүдэд авто замын бүтээн байгуулалтууд эрчимжиж, хөгжлийн судас болсон төмөр замын сүлжээ өргөжиж, олон улсын авто тээврийн урсгал нэмэгдэн, агаарын тээврийн салбар либералчлагдаж, энэ хэрээр боловсон хүчин, мэргэжилтэй ажиллах хүчний хэрэгцээ өндөр байгааг онцоллоо.
Улмаар салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхжуулах, салбарын боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэх, тогтвортой ажиллуулах бодлогыг баримтлан ажиллаж байгааг тэмдэглэв. Үүний хүрээнд Иргэний нисэхийн сургууль, сургалтын төвийг дотоодод байгуулах, шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн гаргах, оюутнуудад олгох тэтгэлэгт сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулах, гадаадын их сургуулиудад суралцах оюутны квотыг нэмэгдүүлэх, МСҮТ-ийг Төрийн өмчит болон хувийн хэвшлийн тээврийн компаниудын дэргэд байгуулах, тоог нэмэгдүүлэх чиглэлд нэгдсэн бодлогоор дэмжин ажиллаж байгааг онцоллоо.
Үзэсгэлэнгийн үеэр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат нар Зам, тээврийн хөгжлийн яам, ШУТИС-ийн Механик тээврийн сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичигт, мөн Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, СЭЗИС-ийн Ерөнхийлөгч Б.Мөнхбаяр нар Зам, тээврийн хөгжлийн яам, СЭЗИС хооронд хамтран ажиллах тээврийн эдийн засагч мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Сэтгэгдэлүүд