ЗТХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ: БООМТЫН СЭРГЭЛТИЙН ХҮРЭЭНД ДӨРВӨН БООМТЫГ ТӨМӨР ЗАМААР ХОЛБОНО
Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Шинэ сэргэлтийн бодлого: Зам, тээврийн сэргэлт” зам, тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич, БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны орлогч дарга Жан Шао Ган тэргүүтэй олон улсын төлөөлөгчид оролцож байна.
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ эдийн засгийн цусны эргэлтийг илүү хурдасгахад дэд бүтцийн хөгжил шийдвэрлэх үүрэгтэй болохыг онцлоод Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх Боомтын сэргэлтийн хүрээнд дэд бүтцийн төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхээр тусгагдсаныг тэмдэглэв. Мөн тээвэр логистикийг өргөжүүлж, агаарын шинэ замууд нээгдэж, шинээр 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулан, хатуу хучилттай авто замаар 11, төмөр замаар 4 боомтыг холбох зорилт тавин ажиллаж байгааг танилцууллаа. Зам, тээврийн салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зам, тээврийн салбар нь хөрөнгө оруулахад хамгийн таатай, эрсдэлгүй салбар болохыг тодотгож, чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Үйл ажиллагааны үеэр “Түншлэл-Ирээдүйтэй хөрөнгө оруулалт”, “Хөгжлийн түүчээ-Төмөр зам”, “Хөгжлийн хөтөч-Зам, тээвэр”, “Дэлхийд гарцтай-Агаарын тээвэр” зэрэг сэдвээр зам, тээврийн салбарын хөгжлийн гарцыг тодорхойлох хэлэлцүүлгийг салбарын мэргэжилтнүүд өрнүүлж байна.
Мөн “Монголын төмөр зам” ТӨХК, “Эссенз Саплайз” ХХК-иуд “Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн төмөр зам” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ, “Монголиан транслайн” ХХК-иуд БНХАУ-ын Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн үйлдвэр корпорацийн Чичихар ачааны вагоны үйлдвэр хооронд “3000 вагон худалдан авах гэрээ”, Зам, тээврийн хөгжлийн яам, “Чайна Стэйт Констракшн Монголиа” ХК хооронд “Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны төмөр замын ТЭЗҮ боловсруулах санамж бичиг”-ийг тус тус байгууллаа.
Сэтгэгдэлүүд