ЗТХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХӨДӨЛГӨГЧ ХҮЧ НЬ ЗАЛУУЧУУД ЮМ
Зам, тээврийн салбарын залуучууд өнөөдөр /2023.06.23/ Улаанбаатар хотноо чуулж, “Хөгжлийн сэргэлт” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Зам, тээврийн залуучуудын “Хөгжлийн зам” зөвлөлийн тэргүүн Ш.Нямсүрэн нар үг хэлэв.
Салбарын сайд хэлсэн үгэндээ тээврийн салбарт өрнөсөн томоохон үйл явдал, төсөл хөтөлбөрүүдийн талаар тоймлон танилцуулаад, эдгээр томоохон ажлуудыг хийж гүйцэтгэж, бүтээн байгуулж, зам тээврийн салбарт гарч буй сэргэлт, шинэчлэл бүхний ард залуусын мэдлэг, сэтгэл, зүтгэл байгааг тодотголоо.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага үр дүнг тооцох жил” болгон зарласны хүрээнд иргэдэд чиглэсэн зам, тээврийн салбарын бүхий л үйл ажиллагаа бүрэн цахимжсан, нээлттэй, ил тод, хүртээмжтэй, шуурхай байх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж, ингэснээр зорчигч урсгал, бүх төрлийн тээврийн урсгал нэмэгдэж байгааг онцлов. Цаашид салбарын дутагдалтай байгаа боловсон хүчнийг бэлтгэх шаардлага хэрэгцээг үндэслэн хүний нөөцийн тодорхой бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа тэмдэглээд, залуустаа зорилготой, зоригтой, зарчимтай, ёс зүйтэй байхыг уриалж, өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр Иргэний нисэхийн тухай, Төмөр замын тээврийн тухай, Aвтотээврийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, түүний ач холбогдлын талаар салбарын залуучуудад нэгдсэн ойлголт, мэдээлэл хүргэхээс гадна зам, тээврийн залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, гарц шийдлээ тодорхойлох юм. Мөн зам тээврийн салбарын ирээдүй болсон залуучуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор олон талт сургалт, танин мэдэхүйн арга хэмжээг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулна.
Салбарын залуучуудын санаачилгаар Зам, тээврийн хөгжлийн сайдын дэмжлэгээр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нисэх, Авто зам, Авто тээвэр, Төмөр зам, Далайн тээвэр, Зам тээврийн хөгжлийн яам зэрэг зам, тээврийн салбарын залуучуудын байгууллагууд нэгдэж салбарын залуучуудад мэдлэг олгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын дор “Зам, тээврийн залуучуудын хөгжлийн зам зөвлөл”-ийг байгуулсан билээ. Тус зөвлөл нь салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилтэд залуусын оролцоог нэмэгдүүлэх, асуудал, шийдлийг хамтдаа эрэлхийлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох зорилтын хүрээнд олон талт үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ЗАЛУУЧУУД, ХҮНДЭТ ЗОЧИД, НИЙТ ОРОЛЦОГЧДОДОО АМЖИЛТ ХҮСЬЕ.
Сэтгэгдэлүүд