СУУРЬ БҮТЭЦ ЭЗЭМШИГЧДИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад шинэ төмөр замууд, суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэж, төмөр замын цар хүрээ, тээвэрлэлт өсөн нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, туршлага солилцох, харилцан зөвшилцөх, хамтран ажиллах зорилгоор “Суурь бүтэц эзэмшигчдийн ачаа тээвэр, тээвэр логистикийн туршлага солилцох” зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнийг “Монголын төмөр зам” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ хамтран, Зам, тээврийн хөгжлийн яам, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Монголын төмөр зам” ТӨХК, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Болд төмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс лайн” ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөгчдийг хамруулан зохион байгуулав.
Манай компаниас нийт 10 ажилтан оролцсон бөгөөд Тээврийн удирдлагын газрын дарга Б.Батбаяр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн тээврийн үйл ажиллагаа, ачаа тээвэрлэлт, тулгамдаж буй асуудал, уулзварын өртөөдийн галт тэрэг солилцох технологит ажиллагаа" сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар тээвэрлэгдэж буй чингэлэг тээвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, Тавантолгой, Гашуунсухайт өртөөдийн түр ачилтын талбай болон шилжүүлэн ачих терминал, салбар замуудын хүчин чадал, шинэ төмөр замуудад тээврийн үйл ажиллагаанд программ хангамж нэвтрүүлэх шаардлагатай байгаа талаар танилцуулав. 
Энэхүү зөвлөгөөнийг цаашид уламжлал болгон зохион байгуулах бөгөөд Монгол Улсын төмөр замын сүлжээ өргөжиж, суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэхийн хэрээр галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний хөдөлгөөний зурмагийн биелэлтийг хангаж ажиллахад энэхүү зөвлөгөөнөөс гарсан санал дүгнэлт ихээхэн үр өгөөжтэй болохыг талууд онцолж байсан.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *