ТӨМӨР ЗАМЧИД МЭРГЭЖЛИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

Энэ өдрүүдэд Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 85 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 74, “Тавантолгой төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой, “Төмөр замчдын мэргэжлийн баяр” наадмыг өнөөдөр /2023.08.05/ Хонхор зөрлөгийн “Хөлийн голын тохой” хэмээх газар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Баяр наадмын нээлтэд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр зэрэг албаны хүмүүс болон үе үеийн төмөр замчид оролцож, урлаг, соёлын алдартнууд уран бүтээлээ толилуулав.

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар баярын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн түүхэн үеийг эргэн дурсахын сацуу өдгөө “МТЗ” ТӨХК, “ТТЗ” ХХК, “БТЕГ” ХХК зэрэг төр хувийн хэвшлийн компаниуд байгуулагдаж, олон олон амжилтаар дүүрэн түүхэн ойтой золгож байгааг онцлоод нийт төмөр замчдадаа халуун баяр хүргэж, дараа дараагийн их бүтээн байгуулалтад нь өндөр амжилт хүсэв.

Баяр наадмын хүрээнд үндэсний сур, шагайн харваа, хүчит 64 бөхийн барилдаан, төмөр замчдын мэргэжлийн ур чадварыг харуулсан үзүүлбэр, дэлхийн түвшинд хүрсэн гагнуурын үзүүлбэр зэрэг сонирхолтой тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *