МЭНДЧИЛГЭЭ


Монгол Улсад төмөр замын тээвэр хэмээх салбар үүсэн хөгжсөний түүхт 85 жил, мэргэшсэн инженерингийн “Тавантолгой төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын мэндийг Монголын төмөр замын тээврийн салбарын хөгжлийн түүхийг бүтээсэн ахмад үе, тэдний алдар гавьяаг нэр төртэй залгамжлан яваа өнөөгийн төмөр замчид Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Төмөр замын тээврийн салбарын түүхэн замналыг өдгөө эргэн харахад дайны хүнд жилүүдэд эх орноо батлан хамгаалах, уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэн чухал үүрэг гүйцэтгэж, улс орны хөгжлийн түүчээ болсоор ирснийг тэмдэглэх нь зүйтэй юм.

Өргөн уудам газар нутагтай ч хүн ам цөөтэй, далайд гарцгүй манай орны хувьд төмөр замын тээвэр нь чухал ач холбогдолтой бөгөөд цаашид манай компани улсынхаа төмөр замын сүлжээг өргөжүүлэх их бүтээн байгуулалтын ажилд ямагт түүчээлэгч нь байхаар зорьж байгааг дуулгахад таатай байна.

Өнгөрсөн хугацаанд монголчууд бид өөрсдөө төмөр замаа бүтээн байгуулж чаддагийг нотолж, Монгол Улсын анхны I зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх дагнасан зориулалтын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг богино хугацаанд бүтээн байгуулж, энэ онд суурь бүтцийг байнгын ашиглалтад орууллаа. Энэ төмөр зам нь сүүлийн үеийн шинэ дэвшилтэт технологи, инноваци шингэсэн, төмөр замд тавигдах орчин үеийн нөхцөл шаардлага, стандартыг хангасан шилдэг бүтээн байгуулалт болохыг онцлон тэмдэглэе.

Бид төмөр замын төслийн компаниас төмөр замын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулдаг, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, төмөр замаа өөрсдөө бүтээн байгуулдаг, тээвэрлэлтээ гүйцэтгэдэг Монгол Улсын төмөр замын мэргэшсэн инженерингийн компани болтлоо өсөн дэвжсэн байна. Биднийг тал бүрээр дэмжин, хамтран ажилладаг байгууллагууд, компанийнхаа нийт инженер техникийн ажилчид, хөдөлмөрч бүтээн байгуулагчид, түүх бүтээсэн залуустаа гүн талархал илэрхийлье.

Талын Монгол оронд минь ган зам зурайж, галт тэрэг гялалзаж эхэлсэн тэр цагаас хойш улс орны хөгжлийн түүчээлэгч байсаар ирсэн төмөр замын салбарынхандаа бахдам амжилт, бахархам үйлс нь мөнхөд үргэлжлэх болтугай хэмээн хүсэн ерөөе.
 

МАНАЙ ОРНЫ ТӨМӨР ЗАМЫН САЛБАР УЛАМ ӨРГӨЖИН ХӨГЖИЖ, УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙГ ТЭТГЭХ ГАН ЗАМ МӨНХӨД ЗУРАЙЖ БАЙХ БОЛТУГАЙ!

"ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.БУДБАЯР

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *