ИННОВАЦЫН ВАГОНУУДЫН ЗААВАР, НОРМ, ГАРЫН АВЛАГЫГ ОРЧУУЛАН, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА АШИГЛАЖ БАЙНА
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд нийлүүлэгдсэн инновацын вагонуудыг Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт ашиглаж эхэлсэнтэй холбоотойгоор манай компанийн мэргэшсэн инженер, техникийн ажилтнууд шинэ вагоны заавар, норм, гарын авлагуудыг орчуулж, боловсруулан үйл ажиллагаандаа хэрэглэж байна. Түүнчлэн ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд, төмөр замын чиглэлээр суралцдаг оюутнуудад танилцуулан, сургалтын зориулалтаар хүлээлгэн өгсөн. Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Вагоны аж ахуйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл Төмөр замын дээд сургуулийн оюутнуудад компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, шинэ вагонуудын техникийн үзүүлэлт, техникийн үзлэг, засвар үйлчилгээ, технологи арга ажиллагаа, тоног төхөөрөмжийн ажиллагаа, ашиглалтын талаар мэдээлэл өгч, гарын авлагуудыг хүлээлгэн өглөө.
Манай компанийн инженер, техникийн ажилтнууд нь “18-9855 тэргэнцрийн ашиглалтын заавар”, “12-9853 хагас вагоны ашиглалтын заавар”, “18-9855 тэргэнцрийн засварын заавар”, “Ачааны вагоны хос дугуй, гүүшингийн зангилаанд хийх засвар”, “Техник үйлчилгээний гарын авлага”, “Вагоны тоормосны тоноглолын засварын заавар 732-ЦВ-ЦЛ”, “Техник үйлчилгээний газрын орон тооны норматив”, “Вагоны бүрэлдэхүүн хэсгүүдэд хийх ерөнхий заавар” зэрэг гарын авлагыг орчуулж, хэвлүүлсэн. Товхимлуудыг дотоод үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ нийт ажилтнуудыг сургалт мэдээллээр хангах, вагон ашиглалтын чиглэлийн шинэ ажилтнуудад дадлага туршлага эзэмшүүлэх, вагоны бүрэн бүтэн байдал, галт тэрэгний тасралтгүй хөдөлгөөнийг хангах зорилгоор техникийн сургалтын хөтөлбөрт тусган, чанартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.
Сэтгэгдэлүүд