“ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж батлан, 2024 оны 01 дүгээр сарын 01-ээс мөрдөж эхлэхээр тогтсон. Үүний хүрээнд хуулийн шинэчилсэн найруулгыг төр болон төмөр замын тээвэрт оролцогч байгууллага, аж ахуйн нэгж, этгээдүүд, төмөр замын тээврийн салбарын нийт албан хаагч болон олон нийтэд нээлттэй сурталчлан таниулах зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Тавантолгой төмөр зам” ХХК хамтран “Төмөр замын тээврийн тухай хууль шинэчилсэн найруулга сурталчлан таниулах арга хэмжээ”-г зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд зохион байгуулагчдаас гадна “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголиан транс лайн" ХХК, "Монголиан транс ложистик" ХХК, “Талын хишиг транс” ХХК болон төмөр замын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 150 орчим төмөр замчин оролцов.

Арга хэмжээний хүрээнд “Төмөр замын тээврийн тухай хууль” /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга, хуулийн шинэчилсэн найруулгын хууль зүйн ач холбогдол, онцлох зохицуулалт зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулахаас гадна хэлэлцүүлэг зохион байгуулж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцогчдоос ирсэн асуултад хариулт өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

“Төмөр замын тээврийн тухай хууль” анх 2007 онд батлагдсан бөгөөд 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд шинээр байгуулагдахын зэрэгцээ үүнийг дагасан олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн.

Хууль шинэчлэгдсэнээр одоо мөрдөж хуульд тодорхойгүй байсан төмөр замын нийтийн зориулалттай болон тусгай зориулалтын зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг тусгасан. Мөн төмөр замын зориулалттай газрыг тодорхойлж, аюултай бүс, зурвас газар, хамгаалалтын бүсийн талаарх зохицуулалтыг тусгаж, төмөр замын суурь бүтцийн зураг төсөл, барилгын ажил, суурь бүтцийг ашиглалтад оруулах талаар тодорхой тусгажээ.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *