ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛИЙГ ТОХИРОЛЦОХООР ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын барилга угсралтын ажлыг 2024 оны 1 дүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан гүүрэн байгууламжийг хамтран барих үеийн техникийн нөхцөлийг тохиролцох, Хятадын талд байгаа төмөр замын нөхцөл байдлыг судлахаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр болон бусад албан тушаалтнууд БНХАУ-ын “Чайна Энержи Баошөн төмөр зам” ХХК-ийн удирдлагуудтай албан уулзалт хийж байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтуудыг холбох хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын нийт дэлгэмэл урт 32.7км, 1 дүгээр зэрэглэлийн, хос болон дан замтай гүүрний нийт урт 9.1 км. Эстакадан гүүр мушгирсан төлөвтэй, газрын гадаргаас хамгийн ихдээ 31 метр өндөр, жилд 30 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор Гашуунсухайт-Ганцмод боомтод түшиглэсэн цогц төслүүд эдийн засгийн өсөлтийг жилд 1.8-3.2 хувиар өсгөж, дунджаар 4.8-5.4 тэрбум ам.долларын нэмүүн өртгийг үйлдвэрлэж, 5000 орчим шинэ ажлын байр ба түүнийг дагасан 1800-3200 шууд бус хөдөлмөр эрхлэлтийг үүсгэнэ. Төслийн хүрээнд Монгол Улсын Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон БНХАУ-ын Ганцмод-Бугатын Ваньшуйчуань чиглэлийн төмөр замуудыг холбохын зэрэгцээ нарийн болон өргөн хос царигийн гүүрэн байгууламжтай замаар хил нэвтрэх төмөр зам барьж байгуулж байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *