МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм Монгол зон олон, буянт буурлууд, үе үеийн нийт төмөр замчид, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ахмадууд, инженер, техникийн ажилтан, алба хаагчдадаа XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон Луу жилийн хаврын тэргүүн сарын мэндийг өргөн дэвшүүлье.

          Өнгөрсөн зуунд ахмад үеийнхнийхээ бүтээн байгуулж, эх орноо Ази-Европтой холбосон хөгжлийн замыг өнөө үед бид улам өргөжүүлэх, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэн, төмөр замын хөгжлийн хоёр дахь давлагааг амжилттай хэрэгжүүлж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байна.

Бид өөрсдийн бий болгосон үйл ажиллагааны загвар, нөөц боломж, туршлага, давуу талдаа тулгуурлан “Төслийн удирдлагын үйл ажиллагаа”-наас “Төмөр замын ашиглалт, тээвэрлэлтийн цогц үйлчилгээ” үзүүлдэг компани болж өсөн хөгжих зорилтынхоо эхлэлийг тавьж, 2023 онд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган 2 сая тонн ачааг амжилттай тээвэрлэсэн амжилттайгаар Туулай жилээ үдэж байна.  

Түүнчлэн компанийн стратегийн тэргүүлэх чиглэлийн нэг болох хүний хөгжлийн асуудлыг системтэйгээр удирдах, чадварлаг, мэргэжлийн хамт олон бүрдүүлэх, ажилчдын амьдрах  орчныг сайжруулах, цалин нэмэх, урамшуулал олгох асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна.     

          Морилон ирж буй Луу жилдээ бид Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар 6 сая тонн ачаа тээвэрлэх, Америкийн Нэгдсэн Улсын “Progress Rail A Caterpillar” компанийн гол замын SD70Ace/LW  серийн 16 зүтгүүрийг хүлээн авах, “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”, “Шилжүүлэх ачих терминал” төслүүдийн барилга угсралтыг ажлыг дуусгаж, ашиглалтад оруулан, үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр Монгол Улс, Хятад Улсын хооронд 70 гаруй жилийн дараа төмөр замын хоёрдох гарц нээгдэх эхлэл тавигдаж буйг дуулгахад таатай байна.

          Төрт ёс, түүхэн уламжлалын баялаг өв сантай Монгол түмэн Та бүхэн минь ахмад буурлуудаа хүндэтгэн золгож, идэр залуусдаа үг сургаалаа айлдан, балчир үрсийнхээ инээд баяслаар дүүрэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ   Н.БУДБАЯР

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. *