БНХАУ-ЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ӨВӨР МОНГОЛ ДАХЬ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ 2024-2026 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛҮҮДИЙН САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
ЗТХЯ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, БНХАУ-ын Хөгжлийн банкны Өвөр Монгол дахь салбарын Ерөнхий захирлын орлогч Liu Jiaqing болон бусад холбогдох албан тушаалтнууд өнөөдөр уулзлаа. БНХАУ-ын Хөгжлийн банк нь 2.5 триллион ам.долларын хөрөнгөтэй бөгөөд олон улсын хэмжээний болон БНХАУ-ын хөгжлийн урт болон дунд хугацааны стратегийн төслүүдийг санхүүжүүлдэг.
Уулзалтаар, Монгол Улсад хэрэгжиж буй Бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой төслүүдийг Бүс ба зам бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх, төмөр замын дэд бүтэцтэй холбоотой төслүүдийг санхүүжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр талууд санал солилцлоо.
“Тавантолгой төмөр зам” ХХК нь хэрэгжүүлж буй төслүүд болон цаашид хэрэгжүүлэх төслүүдээ танилцууллаа. Тухайлбал “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-н хүрээнд уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн тээвэрлэлтийн хэрэгцээ, экспорт, импортын ачаа эргэлтийг хангахад төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн тэр дундаа ачааны вагонуудын эрэлт үлэмж ихсэхтэй холбоотойгоор дотооддоо эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж олон улсын стандарт, дэвшилтэт техник, технологит суурилсан байнгын ажиллагаатай “Ачааны вагон угсрах үйлдвэрлэлийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Сэтгэгдэлүүд