ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМД ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ЭЭЛЖИТ ХАВРЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ээлжит хаврын үзлэг шалгалт эхэллээ. Компанийн эзэмшлийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын техникийн аюулгүй байдлыг хангаж хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус үзлэг шалгалт нийт 5 өдөр үргэлжилнэ.
Уг ажлын хүрээнд “Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм”-ийн хүрээнд төмөр замын аюулгүй байдал, галт тэрэгний болон сэлгээний аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үзлэг, шалгалтууд хийгдэх юм.
Үзлэг шалгалтын үеэр Тавантолгой, Гашуунсухайт өртөө, Хайрхан, Хангай, Урт гол, Оюут, Шинэ-Ус, Хулант зөрлөгүүдэд ажиллахаас гадна, хөдлөх бүрэлдэхүүний депо, зам анги, ачилт буулгалтын талбайгаар орж хөдөлгөөний аюулгүй байдлыг хэрхэн хангаж буй талаарх мэдээллийг чиглэл хариуцсан байцаагч, ХЭМАБ-ийн дарга болон бусад холбогдох газар, хэлтсийн дарга нараас авч, гарсан зөрчил дутагдлыг арилгах үүрэг чиглэл өгч ажиллах юм.
Сэтгэгдэлүүд