ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭНЭ ОНЫ 4 ДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛНЭ
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор эхлүүлэхийг Ерөнхий сайдын 2024 оны 01 дугаар албан даалгаварт даалгасан.
Уг ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Чайна Энержи групп” ХХК-ийн Дэд захирал Кан Фэнвэй, Хятадын Үндэсний төмөр замын газрын Дэд дарга Ан Лушень болон холбогдох албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотноо хуралдаж, Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 4 дүгээр сард багтаан эхлүүлэх ажлын явцын талаар ярилцлаа. Мөн хоёр улсын хилээр нэвтрэх хяналт, шалгалтыг хурдасгах, шинэ технологи шийдлийг нэвтрүүлэх ажлыг зураг төсөлд тусгаж ажиллахаар санал солилцов.
Гашуунсухайт-Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэг тохирох асуудлыг Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Тодотговол, уг хурлаар Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай хоёр орны Гадаад харилцааны яамны ноот бичгийн төслийн хэлэлцсэн дэмжсэн. Ийнхүү тус боомтууд төмөр замаар холбогдсоноор Монгол Улс, Хятад Улсын хооронд 70 гаруй жилийн дараа төмөр замын хоёрдох гарц нээгдэж буй түүхэн үйл явдал болох юм.
Сэтгэгдэлүүд